Хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж болох нь тогтоогджээ

5 жил
Хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж болох нь тогтоогджээ

Дорнод аймгийн Чойбалсан хотод 9 дүгээр сарын 2-ны өдрөөс хар ялааны дэгдэлт ихэссэн гэхдээ хар ялаа нь зөвхөн Чойбалсан хотод дэгдээгүй тал хээрийн бүсэд байгаа бутлаг ургамал, өвс болон зарим нэг модонд үүссэн бөгөөд бусад аймаг, сумдад ч их хэмжээгээр байгаа юм. Холбогдох албаны хүмүүсийн ажиглалтын дүгнэлтэд нүүдэллэж буй хар ялааны гол замд Чойбалсан хот оршиж байна гэж үзжээ.
Энэ асуудлын талаар Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өнгөрсөн онд хар ялааны дээжийг “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-рүү явуулсан бөгөөд дүгнэлтээр энэхүү хар ялаа нь урын бөөс буюу хайлаас модны үндсэн гол хортон шавьж гэж тогтоогдсон байна. “Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн”-ээс хар ялааны эсрэг тэмцэх зөвлөмж өгсөний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хавар, намрын улиралд хар ялааны хорыг хайлаас мод болон бусад цэгүүдэд цацан ажиллаж байна. Хор цацалт нь Хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах ёстой байдаг учраас шөнийн цагаар хор цацах ажлыг явуулж байна.
Мөн Хэрлэн сумаас тус хорыг сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад тарааж эхэлсэн бөгөөд тухайн байгууллагууд өөрийн эзэмшлийн 50м талбайд ариутгал, халдваргүйтгэл хийж цацах болно. Хар ялааны хор цацах ажлыг аймаг орон нутаг нийтээрээ хийснээр үр дүн гарах учиртай. Тус ялаа нь нүүдэллэж байгаа учраас хор цацаад хурдан хугацаанд алга болохгүй нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.