Шилэн дансны тухай хууль энэ оны 1 дүгээр улиралд 89,7 хувьтай хэрэгжжээ

4 жил
Шилэн дансны тухай хууль энэ оны 1 дүгээр улиралд 89,7 хувьтай хэрэгжжээ

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Санхүү хяналт аудитын алба, аймгийн Санхүүчдийн холбоотой хамтран аймаг, сумын түвшинд Төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар зарцуулж байгаа эсэх, www.shilendans.gov.mn цахим хуудсын мэдээллийг ашиглан иргэд хяналт үнэлгээ шинжилгээ хийх чадварыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр /2020.07.02/ 14 сумын төсвийн байгууллагын удирдлага, нягтлан бодогч, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон нарийн бичгийн дарга нартай цахим хурал хийлээ. Цахим хурлаар Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаагаа иргэдэд мэдээлж байгаа эсэх, төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх, шийдвэр, үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой хүргэж чадаж байгаа эсэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Дорнод аймагт төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний төсвийн 11 байгууллага, 14 сум нийт 25 нэгжийн 163 байгууллага байгаа юм. Шилэн дансны тухай хууль 2019 оны жилийн эцэст 99 хувьтай хэрэгжсэн бол 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 89,7 хувьтай хэрэгжээд байна.

Шилэн данс гэдэг нь төсвийн орлого, зарлага, өдөр тутмын мөнгөн гүйлгээ, төсвийн гүйцэтгэл, өмч хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй, иргэдэд ойлгомжтой байх мэдээллийн тогтолцоог хэлнэ. Шилэн дансны тухай хууль нь иргэдийн төсвийн зарцуулалтад иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох зорилгоор 2014 онд батлагдаж 5 дахь жилдээ хэрэгжиж байна.