Өнөөдөр аймгийн хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн зөвлөгөөнийг зохион байгуулж энэ онд хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэснээс гадна улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад хилчдэд туслах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүргийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, ирэх 2023 онд хамтран ажиллах саналуудыг хэлэлцлээ.
Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга, Засаг дарга М.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүлж, аймгийн Засаг дарга болон Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн даргын хувиар гишүүдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд дэмжлэг үзүүлэн Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах, анги салбарын үйл ажиллагааг дэмжих, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ажиллах, амьдрах ахуй нөхцлийг сайжруулж, дэд бүтцийг хөгжүүлэх, тэдний эрүүл мэнд, хөгжлийн асуудлыг дээшлүүлэх талаар бодлогын баримт бичигтээ тусган хэрэгжүүлж жил бүр тус салбарт хэрэгжүүлэх ажил, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаагаа илэрхийлээд цаашид орон нутгийн зүгээс Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангахад тулгамдсан олон асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхэд зөвлөлийн гишүүд та бүхнийхээ оролцоотой дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгээ тодотгов.
Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга бөгөөд хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, Хилийн цэргийн 0275-р ангийн захирагч Б.Батболд, Хилийн цэргийн 0132-р ангийн захирагч Б.Гантөмөр, Хилийн цэргийн 0198-р ангийн захирагч Б.Гантөгс, Хилийн цэргийн 0306-р ангийн захирагч Ж.Ганбаатар болон хил хамгаалалтад туслах хүчний гишүүд бусад холбогдох албаны хүмүүс оролцож “Хил хамгаалалтад тулгамдсан асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр чөлөөт ярилцлага хийж Улсын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлтэй 2023 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, албажууллаа.
Мөн үеэр аймгийн прокурорын газраас сумдын Засаг дарга нартай санамж бичиг байгууллаа.