Өнөөдөр Зүүн бүсийн Эрүүл мэндийн тулгуур төв болох Бүсийн оношилгоо эмчилгээний төв 2022 оны тайлант хурлаа хийлээ.
Тус хуралд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож 2022 онд бусдыгаа манлайлж, идэвх зүтгэлтэй ажилласан шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд,шилдэг тасгийг шагнаж урамшуулав.
Энэ онд Аймгийн Засаг даргын санаачилгаар сувилагч мэргэжлийн үнэ цэнийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг дэмжих зорилготой “БИ СУВИЛАГЧ” болзолт уралдааныг 3 үе шаттай зохион байгуулсан. Улсдаа анх удаа сувилагчид бодит дэмжлэг үзүүлж шилдгээр шалгарсан гурван сувилагчид орон сууц худалдан авахад 20.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.
Мөн иргэд орон нутагтаа нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд энэ онд аймаг орон нутгийн төсвийн нийт 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сургалтын тоног төхөөрөмж”, "Эмч хөгжлийн төв”, “Сэргээн засах" төвийн тоног төхөөрөмжөөр ханган ажиллаж байна.
Цаашид БОЭТ нь Зүүн бүсийн сургалт эрхлэгч байгууллага болох, алсын зайн оношилгооны төв байгуулах, харвалт, шигдээсний нэгж, ангиографийн лаборатори, үе шилжүүлэн суулгах, тархи, нурууны мэс заслыг нутагшуулах, үений дурангийн мэс заслыг хөгжүүлэх, андрологи, урологийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, бие даасан нярайн тасаг байгуулах, арьс, гоо засал, харшил судлалыг хөгжүүлэх зэрэг шинэ технологиуд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа ба шинээр нэвтрүүлж буй тусламж үйлчилгээнд эмч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.
Түүнчлэн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхээр орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг өндөр хөгжилтэй улсад суралцахад дэмжлэг үзүүлэхээр 2023 оны төсөвт тодорхой санхүүжилт төсөвлөөд байна. Түүнчлэн “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудад тогтвор суурьшилтай ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг урамшуулж, мөнгөн дэмжлэг үзүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “БИ СУВИЛАГЧ” уралдааныг уламжлал болгон зохион байгуулах зэргээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.