Өнөөдөр /2023.01.04/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн худалдан авах ажиллагаанд оролцогч аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, худалдан авах ажиллагаанд оролцоход анхаарах асуудалд зөвлөн туслах, өнгөрч онд гүйцэтгэсэн ажлуудад тулгарсан асуудлуудыг сонсон, энэ жил хэрэгжилтэд төлөвлөх зорилгоор хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Аймгийн Засаг даргаас аж ахуйн нэгж байгууллагуудыг худалдан авах ажиллагаанд оролцох босго шалгуурыг боломжит хамгийн бага байхаар тооцож, өндөр дүнтэй ажлыг багцлан хувааж, тэгш боломжийг олгон, жижиг аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих бодлогыг баримталж байгаагаа илэрхийлэв.
Энэ онд нийт 27,2 тэрбум төгрөгийн 114 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа явуулах ба аймгийн Орон нутгийн өмчийн газар тендер шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуулинд 5-р сарын 31-ний өдрөөс өмнө бүх тендерийг цахимаар зарлаж дуусгана гэж заасан байдаг бол манай аймаг худалдан авах ажиллагааг 2023 оны 03 дугаар сарын 01-ний дотор зарлаж дуусгахаар ажиллаж байна.