Өнөөдөр /2020.01.12/ АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА) –ын санхүүжилттэй Дэлхийн Зөн ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл Улаанбаатар, Эрдэнэт хотууд болон Дорнод, Дорноговь, Дундговь, Говь-Алтай, Увс зэрэг байгалийн гамшигт өртөмтгий таван аймагт онлайнаар “Zoom” ашиглан нээлтээ хийж, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
АНУ-ын ОУХА-тай хамтарсан энэхүү төсөл нь үндэсний болон орон нутгийн түвшний бэлэн байдлыг бэхжүүлэх замаар гамшгийн эрсдлийн менежментийн бодлогод хувь нэмэр оруулах болно. Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, зорилтот байгууллагууд, иргэдийн дунд бэлэн байдлын талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой юм.
Түүнчлэн “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь хөдөө орон нутгийн малчдын амьжиргааг дэмжиж, орон нутгийн малын өвчнийг илрүүлэх, эмчлэх, хянах чадавхийг бэхжүүлж, малчдын тогтвортой мал аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд мөн нийслэлийн 9 дүүрэг болон Эрдэнэт хотын 6 багт 2020-2022 онд хэрэгжих юм.
Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь хүүхэд, гэр бүл, орон нутгийн иргэдэд чиглэсэн нэн эмзэг нөхцөлд амьдарч буй хүүхдүүд, тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө ажилладаг Христэч байгууллага юм. Тус төслийн зорилго нь гамшгийн эрсдэлийг үе шаттай тогтвортой бууруулахын зэрэгцээ орон нутгийн түвшинд даван туулах чадавхийг бэхжүүлэх замаар мал аж ахуйн салбарт гамшгийн эрсдлийг бууруулж иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэнэ.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас хэрэгжүүлсэн төслүүд:
• “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл 2020-2022 он (одоогийн хэрэгжиж буй төсөл)
• “Гамшигт тэсвэртэй хотууд” төсөл 2018-2020 он
• “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төсөл 2016-2018 он
• “Сургуулийн гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх” төсөл 2014-2016 он
• “Баруун аймгуудын гамшгийн менежментийн эрсдлийг бууруулах” төсөл 2012-2014 онд тус тус хэрэгжжээ.